Badamtsetseg 💎
4 min readDec 18, 2022

Ийнгаа миний хээр тал: Эрээгүй эрлийн эхлэл

Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнийг би уншдаг гэж нэг хүн хэлсэн байдаг. Харин би Дарма Батбаяр гуайн Ийнгаа миний хээр талыг дэлгэдэг. Цэвэр тунгалаг, ариун сэтгэлтэй хүн байя гэж хичээвч амьдралынхаа зам мөрт өвдөг сөгдөж, уй гунигт дарагдах, атаа хорсолдоо автах, өөрийгөө яллах, өөрөөлийг шүүх, бурууд шунах, замаа мэдэхгүй төөрөлдөх, гоншигнох, гомдоллох, хүсэлдээ хөглөрөх гэх мэт сэтгэлийн төлөв байдлын олон олон таагүй өнгүүдийг мэдрэх мөчдөө би энэ номыг барьж авдаг. Яагаад би ийм нөхцөл байдалд ийм сэтгэлийн төлөв байдалд өөрийгөө авчирчихав гэж эргэцүүлэхэд тусалдаг.

Талим өвгөн унаа хийж аваарай гээд Анарт “Энэ морийг чамд бэлэглэх биш өгч байгаа юм. Ийм хөнгөн хөлтэй морийг бэлэглэдэггүй юм” гэж хэлдэг шиг амьдралын замд би хүмүүст өөрийнхөө сэтгэлийг арилжах эсвэл бэлэглэх биш өгөх л гэж өгөхийн тулд өгдөг хүн байхыг хүссэн минь өөрөө өөртөө өгсөн амар амгалан минь.

Харин тэр үнэ цэнэтэй өглөгийг минь хүмүүс янз бүрээр л ашигладаг, хэрэглэдэг. Нүдэн дээр минь үнэ цэнэтэй зүйлийг минь хагалж эсвэл эвлүүлж, өргөж эсвэл дэвсэлж байхыг би олон харсан. Гэвч Талим өвгөний хэлснээр энэ бол өгөх л гэж өгсөн зүйл учраас тэр хүн амьдралынхаа аянд миний сэтгэлийг ямар уналага болгохоо өөрөө л мэднэ. Сэтгэлийн өглөгтэй минь хэрхэн хандаж байгаагаас би тэр хүнтэй дөрөө харшуулах эсэхээ шийднэ.

Хөнгөн хөлтэй моринд ташуур өгөх нь холын замд давхих хүсэлгүй болгож, ташуур өгөхгүй л бол давхихаа больчихдог гэх. Ташуурдаж байна гэдэг зодож байгаагаас л ялгаагүй. Зодуур нүдүүрээр ямар ч юмны нууц хүчийг гаргаж чадахгүй. Нууц хүчийг нь гаргаж чадахгүй бол холын замд унаа хийж чадахгүй. Сэтгэлд ч энэ зарчим үйлчилнэ.

Сайн морийг ташуурдах шаардлагагүйгээр давхчихдаг гэдгийг би уг нь мэдэхийн дээдээр мэднэ. Адгуус амьтанд хүртэл энхрий сэтгэлээр хандаж ойлгож чадвал эзнээ шархдаад хэвтэхэд нь хүртэл дүүрээд үүрээд аваад явдаг тийм их хайр гардаг юм билээ л дээ. Аян замд ийм итгэл хамгийн чухал. Морь нь эзэндээ, эзэн нь мориндоо итгэх. Энэ аялалд бид нэг нэгэндээ хань. Хүрэх газраа очихын тулд морио завсар чөлөөгүй ташуурдаад л байвал нэг л чөлөө гарахад чамайг хаяад давхиж одно. Бөх үү, хэврэг үү гэдэг сэтгэлийн уяасыг хэрхэн занигдсанаас шалтгаална.

Харин би сэтгэлийн жимээрээ аялсны эцэст амьдрал аялал хоёр ямар ч ялгаагүй болохыг анзаарч эхлэх шиг. Нүдээ нээгээд хартал энэ амьдралд урагшлахын тулд өөрийнхөө болон бусдын сэтгэлийг эрээ цээргүй ташуурдаж, өөрөө өөрийгөө зодсоор л байдаг ямар олон хүн байдаг юм бэ гэж уулга алдмаар... Сэтгэлийн зодуур түрхэн зуурын л хурдыг өгөх ч холын замыг туулахгүй. Тиймээс л заримдаа сэтгэлд минь зодууруудыг өгсөн тэр учралуудаас “өгөх л гэж өгсөн учраас” гэдгээ ухаараад өгсөн зүйлдээ хорогдолгүй, бэлгийн хариу харалгүйгээр энэ л газарт нь орхиод өөрийн замыг хөөх хэрэгтэй болдог аж.

Аавын гэрээс гарч өөрийн замыг хөөсөн энэ хугацаандаа сэтгэлийн хүлэг морио ташуурдахдаа ташуурдаж, аргадахдаа аргадаж, энхрийлэхдээ энхрийлсээр энд ирж. Харин амьдралд минь таарсан ямар олон хүнд би сэтгэлээ ташуурдахыг зөвшөөрөөв дээ гэж бодсон бодол минь тэд өөрөө, өөсдийнхөө сэтгэлийг яагаад бас ингэж зодож, ташуурдаж байж урагшлаад байгаа юм бол гэсэн асуултад хүргэсэн. Үнэндээ би ч бас амьдрал гэх аян замд урагшлахын тулд өөрийнхөө ч сэтгэлийг өрөөлийн сэтгэлийг ч ташуурдсан мөч бишгүй.

Энэ л зодуураар өнөөдөр миний нууц хүч, давхих хүсэл улам унтарч сэтгэлийн гал минь бөхсөнөөр сэтгэлийн харанхуйд унаад эрээгүй эрлийн эхлэл минь тавигдсан биз ээ. Тэр харанхуйгаас, тэр эцэлт цуцалтаас ахиад л өөрийгөө ташуурдаж байж урагшлах хэрэггүй гэж би сэтгэлдээ зөвшилцөв. Хаашаа давхих, яагаад давхихаа мэдвэл чи өөрийгөө хүчлэх шаардлагагүйгээр аз жаргалтай урагшлана. Сэтгэлийн төлөв байдал ийм л чухал аж.

Сэтгэлээ танихын тулд эхэлсэн энэ аялал, өөрийнхөө сэтгэлийн зодуурын шархнуудыг эмчлэх гэж оролдох оролдлогоос эхлэлтэй гэж одоо бодном. Ингээд л багаасаа хөтөлсөн тэмдэгллийн дэвтрүүдээ дэлгэж, ээж аавынхаа талаар бодож эхэлсэн. Хүнд сэдвүүдийн талаар, гомдол цөхрөлийнхөө талаар би дотны хүмүүстэйгээ ярилцаж эхлэв. Өөрийгөө ташуурдах шаардлагагүйгээр урагшилж болдог гэдгийг мэдэрч эхлэхдээ шаардлагагүй тэр олон зүйлд чи өөрөө өөрийгөө яагаад ташуурдаад байдгийг ойлгох нь чухал аж. Магадгүй хүүхэд насны трауманууд, хүслээ таньж мэдэхгүй төөрөлдсөн байдлуудаас ч болдог байж магадгүй. Харин одоо үнэнтэй нуур тулж, энэ бүх шарх, энэ бүх сорвинуудыг эмчлээд амар амгалан урагшлахыг хичээе гэж бодоход сэтгэл уужрах шиг л болж байна.

Ийнгаа миний хээр талд нэг ийм хэсэг гардаг юм:

-Би сэтгэл санаагаа өөд нь татаж сайхан болгомоор байна. Та надад сэтгэлээ хэрхэн яаж сайхан болгохыг зааж өгөөч.

-Заагаад байх юм байхгүй ээ, хүсвэл хүн бүхэн чадна.

-Би чадахгүй.

-Чи хүсэхгүй байгаа юм чинь яаж чадах юм.

-Одоо бол би хүсч байна шүү дээ.

-Одоо чи хүсэх гэж байгаа болохоос биш хүсээгүй л байна шүү дээ.

-Яаж хүсэх вэ?

-Эхлээд хүсч сурах хэрэгтэй. Хүсч сурсан хойноо хүсэх хэрэгтэй. Хүсч сураагүй хүн хүсч чадахгүй ээ.

-Та надад хүсч сурахыг зааж өгөөч. Энийг л би танаас гуйя.

-Хүсэхийг хэн ч хэнд ч заадаггүй гэдгийг чи мэддэггүй юм уу?

-Тэгвэл яаж хүсч сурах вэ?

-Маш их хүсэх хэрэгтэй. Жигтэйхэн их хүсэх хэрэгтэй. Зүгээр байж байгаад хүн жигтэйхэн их хүсч чадахгүй. Тэгэхээр үүнд шалтгаан хэрэгтэй.

-Ямар шалтгаан?

-Хүсэх шалтгаан

-Тийм шалтгаан байхгүй бол яах вэ?

-Тэгвэл яах вэ дээ, одоогийн энэ байж байгаа шигээ л байж байхгүй юу.

Эцэст нь бид л чин үнэнээсээ хүсч чадвал бүх хүсэл биелдэг. Олон хүн хүсч чадахгүй явсаар энэ л байгаагаараа дуусдаг… Би юуг яагаад хүснэ. Олон хүн дасгал хийдэг ч өөр, өөр шалтгаанаар хийдэг. Зарим нь бусдад таалагдах гэж, зарим нь өөрөөсөө зугтах гэж, зарим нь яагаад хийгээд байгаагаа ч ойлгодоггүй. Харин зарим нь булчин шөрмөсөө хайрлаж, өөрийгөө бүтэн болгож энэрч дасгал хийдэг.

Чи юуг ямар шалтгаанаар хийж байгаа вэ?

Юуны төлөө, яагаад сэтгэлээ ташуурдана вэ?

Unlisted
Badamtsetseg 💎
Badamtsetseg 💎

Written by Badamtsetseg 💎

Юм юм л хийж явна даа... facebook: BatdorjiinBadamtsetseg

No responses yet